Улс гэж юу вэ?

Нэг эрх ашигтай, нэг хэл бичигтэй, ёс заншил хэмээх нэгэн хуультай, нэгдэж нийлсэн зохион байгуулалттай, нэг хил хязгаартай, нэг хувь заяатай, нийтлэг түүх намтартай,хүн,хүмүүс, ард түмэнийг: Улс гэнэ. Гэр бүл бол: том улсын анхдагч нэгж улс мөн. Улсын бүх шинж гэр бүлд бий. Ийнхүү гэр+улс гэдэг хоёр үг нийлээд гэр-улс гэдэг шив шинэ сайхан үг бүтэв. Тэгээд ч бид айл өрхийг: Гэр-Улс хэмээн өргөмжилсөн нь энэ. Монгол хэлнийүгийн санд бас нэг шинэ үг, шинэ ухагдахуун шинжтэй нэр томъёо нэмэгдлээ гэдэгт эргэлзэхгүй. Бас айл шиг айл явахын ухаарлыг: эхнэр, нөхөрт, айл өрхөө алагчлалгүй дэмжих бодлогыг төр засагт хонхдох ч юун магад. Гэр улсад: төр улсын бүх шинж буй. Жишээ нь: манайх бол туурга тус бүгд найрмадах улс. Энэхүү гэр-улсын: Төрийн тэргүүн нь: би.Энэхүү гэр-улсын энх цагийн аз жаргалыг төдийгүй мөнх цагийн хувь заяаг төрийн тэргүүнийхувьд би хариуцах ёстой. Удамыг устгах бус, улам өөд татах түүхэн хариуцлагыг үүрэх, бас биелүүлэх нь миний хүнд үүрэг төдийгүй, гавъяат үйлс мөн. Батлан хамгаалахын сайд нь: би. Манайх: хэн нэг гэр улсын босгоны боол байх ёсгүй. Бусадын будааны шавхруу долоож амьдрах ёсгүй. Сангийн сайд нь: би. Орлогын үүдийг өдөр бүр нээж, зарлагын хаалгыг цаг тутамд хааснаар манай гэр улсын буян сараас сард сайжирч, жилээс жилд чамбайрч байх учиртай. Харин манайх гэдэг Бүгд Найрамдах Улсын Эрүүл мэндийн сайд нь Гэгээрлийн сайд нь Хөнгөн, хүнсний сайд нь Хүн ам зүйн бодлогын сайд нь манай гэргий Төв банкны захирал нь бас манай гэргий. Гэр улсын эрүүл мэндийн сайдын үүрэг их өгөөд ариун. Айл хичнээн баян тансаг байгаад, хэн нэг нь өвчтэй бол: тэр орчинд инээд баясал дутаж, аз жаргал үргэн дайжна. Өвчнөөр дүүрэн хорвоод эрүүл саруул инээж явах, үр тариа мэт өсч үржиж байхыг эрүүл мэндийн сайд хариуцсан шиг хариуцна. Гэр улсын Гэгээрлийн сайд гэгээн үүрэгтэй. Юуны урьд, гэр улс: эд бараа чихсэн дэлгүүр шиг биш, эрдмийн чуулган бүрдэх ном соёлын өргөө байх учиртай. Ус гэрэл ямар байна,  ургамал цэцэгс тийм байдаг шиг: ухааны угж, оюуны уурхай байх орчин бүхдсэний буянаар өтгөс буурлууд нь үлгэрлэж, өсвөр нялхас нь номын “дон”-той, эрдэмийн эрэлтэй, төв ёстой, зөв хүмүүнжилтэй болно. Энэ бүхэний үрийг тарьж, нарыг тусгах нь гэр улсын Гэгээрлийн сайдын үүрэг. Гэгээрэл гэж: эрдэм соёл-оор эрдэнэт хүмүүний тархи зүрхийг гийгүүлэн чадагч хоёр дохи Нар-ыг хэлмүй. Гэгээрэг гэдэг үгийн үндэс нь: гэгээ. Гэгээ бол: Харанхуй гэдэг хар эрчист, хүйтэн эрчист, бузар эрчист үгийн эсрэг утга. Гэгээ бол: цагаан эрчис, дулаан эрчис, ариун эрчисийн чуулган болой.   Гэгээрлийг: боловсрол гэх нь эндүүрэл. Манай гэр улс: Өөрийн гэсэн төрийн бодлоготой Цомхон бага хуралтай Үндсэн хуультай Төрийн сүлдтэй Сүлд дуулалтай Төрийн төсөвтэй Нэн баян номын сантай Бичил үйлдвэртэй Гэр улсын түүх шастиртай Энэ бүхэн бол: гэр улс бүхэнд байдаг бас заавал байх ёстой төрийн бүтэц. Үүнээс аль нэг нь дутвал:  гэр улсын засаг: өрөөсгөлдөнө. Бас Гэр улсын доторхи эрхэмлэн хүндлүүштэй амьд бурхад бол өөрийн аав,  ээж  төдийгүй, үр хүүхэдээ өгч авч үүрдийн ураг болсон хадам аав, ээж билээ. Ийм тэнгирлэг сэдвээр бичсэн шүлэг-ээ нэхэн санавал Уул хад: Хүйтэн өвөлжөөнд нөмөр Ухаантай хадам: Хүргэндээ ч бэрдээ ч нөмөр Хөл хучдаг бэргэн: Сайн бэргэн Хүчээ өгдөг хүргэн: Сайн хүргэн Хүргэн сайт Уул мэт Хүргэн муут Үүл мэт гэх олон бадаг байхаас гадна. Удам-аан гомдоовол: Уул нурахын дайтай Хадам- аа гомдоовол Хайрхан нурахын дайтай гэх мэтийн Алтыг нь аваад Авдарыг нь гээх Адагийн муу чанарт сөргүүлсэн сэнхрүүлэг цөөн бус байх юм. Эр хүнийг, эх хүнийг хайрлахын зэрэгцээ хоёр ээж, хоёр аавыгаа энэрэн хайрлахын ариун нүншиг Төр-улсын доторхи Гэр-улс бүхэнд бат сайхан орштугай.   Эх сурвалж:  Ардын уран зохиолч Тангадын Галсангийн бүтээсэн “ Гэр Улс” номноос

ГЭР УЛС ГЭЖ ЮУ ВЭ?

ГЭР УЛС ГЭЖ ЮУ ВЭ?  “ Гэр –Улс ”  гэдэг үг  бол:  урид дуулдаагүй чихэнд сонин содон нэршил юм даа. Тодруулан тайлбарлаваас: Гэр Улс гэдэг угтаа: хоёр нэрнээс бүтсэн нэг шив шинэ хоршоо үг юм. Одоо гэр гэдэг үгээ салгаж үзье. Гэр гэж юу вэ? Гэрэл урисан тоонотой  Гийчин урисан үүдтэй Гиймэл нандин өргөөг Гэр хэмээнэ Я.Цэвэл багшийн  “ Монгол хэлний товч толь ”-д гэрийг “ Хүний оршин суух сууц”  гэжээ. Гэрийн өргөмж нэр нь: Өргөө, Нийтлэг нэр нь: Гэр, Доромж утга нь : Овоохой. Гэр олон янз. Тооно-ын том жижиг, ханын олон цөөн, унийн урт богиноос болоод доторхи зай, гаднах үзэмж нь өөр өөр болдог. Жишээ нь: Дөрвөн ханат, Таван ханат, Найман ханат, Арванхоёр ханат, Цомцог, Өргөө гэх мэт. Манайх бол таван ханат. Гэрийг бас хэрэглээний зориулалтаар нь: Номын өргөө, Дарханы өргөө, Багшийн өргөө, Нялхасын өргөө, Амаржих өргөө, Илүү гэр /банаг/, Хар гэр /шорон/ Цэнгэлийн өргөө гэх мэт 60 гаруй янзаар яс ялган янзаар нэрлэдэг. Манайх номын өргөөтэй.  Үүнийг үл үгүүлэн үгүүлбээс гэр бол нүүдэлчидийн хувьд: Унь унатал уйлсаар чарласаар төрдөг: Амаржих өргөө Хана сунатал эрхэлсээр, сурсаар хүн болдог: Цэнгэлийн ордон Багана өндөрстөл зүтгэсээр бүтээсээр хорвоог туулах: Гал голомт Зудаа зугтаан, өн дээрээ өртөөлөн очиж чаддаг, гангаас зугтаан зун дээр нисэн хүрч болдог гайхамшигт ганц орон бол: Зөвхөн гэр. Гэрийн хана бол: гэр-улсын тусгаар тогтнолын хилийн ган хэрэм. Гэр улс: бусадын тусгаар тогтнолд халддаггүй учир: гэр улсад хэн ч довтолдоггүй. Гэр улс өр тавьдаггүй. Эвийг эвддэггүй.                                         Айлтайгаа:                                         Амь нэгтэй аж төрдөг                                         Саахалттайгаа                                         Садан төрөлөөс илүү                                         Санаа нэгтэй явдаг Нялхас бүхнийг инээж мялааж угтдаг. Өтгөс бүхнийг өргөж, баярлуулдаг жудагтай. Гэрийн ёсны нандин ёсыг дэндүү товчлон үгүүлбээс ийм. Эх сурвалж: Ардын уран зохиолч Тангадын Галсангийн бүтээсэн “ Гэр Улс” номноос

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАРУУНБАЯН-УЛААН СУМ

Манай орон өргөн уудам нутаг дэвсгэртэй, байгалийн өвөрмөц сайхан газруудтай улс билээ. Монгол Улс 330 сум, 1602 багтай. Эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист таран байршсан баг, сумдын тухай мэдээллийг Та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын тухай мэдээллийг хүргэхийг зорилоо.  Хуучнаар Сайн ноён хан аймгийн Сайн ноёны хошуу бөгөөд 1924 онд байгуулагдсан. Цагаан овоо, Хүүхдийн-Ус, Өлзийт хошуу, Хөөвөр гэсэн 4 багийн нийт 697 өрхтэй, 2659 хүн амтай.Өвөрхангай аймгийн баруун урд хэсгийн говийн бүсэд Зүүн богдын ар хоолойд, их элсний захад, Цагаан нуурын хойд дэнж дээр оршдог.Баруун талаараа Баянхонгор аймгийн Богд сумтай, хойд талаараа Нарийнтээл, зүүн хойд талаараа Хайрхандулаан, зүүн талаараа Гучин-Ус, урд талаараа Богд сумтай хил залгаа нутагтай. Улаанбаатар хотоос 605 км, Аймгийн төвөөс 175 км зайд байрладаг. Хамгийн өндөр нь Зүүн Богдын тэргүүн 3590 метр, нам цэг нь “Таацын Цагаан нуур” 1234 метр юм. Мал аж ахуй газар тариалангийн үйлдвэрлэл голлон эрхэлдэг 2014 оныжилийн эцсийнбайдлаар 172555 толгой малтоолуулсан.Үүнээс тэмээ 2866, адуу 5742, үхэр 3229, хонь 58870, ямаа 101848 тоологдсон байна. Тус сум нь аймгийн хэмжээнд 2014 онд зохион байгуулагдсан “Сумын төвийн тохижилт, гэр хорооллын стандартыг хэрэгжүүлэх” зорилтот уралдаанд тэргүүн байр эзэлж “ Шилдэг тохижилттой сум”-аар шалгарсан.  Тус сумын нутагт Тарималын цагаан хүн чулуу, Дэмчиг бурханы хүн чулуу, Гончиг ламын өвөлжөөний буйр,Тээрмийн чулуу, Барчин тээгийн зурагт хад, Олон булш хиргисүүр, Хүрээ толгойн туурь, Морьтой хүний зураг бүхий хад зэрэг соёлын өвүүд хадгалагдаж байдаг Тус сумаас Монгол улсын хөдөлмөрийн баатар их эмч Гончигсэнгээгийн Нямхүү, төрийн сайд дэслэгч генерал Цэдэнгийн Жанчив, гавьяат багш Ж.Жанцандорж, соёлын гавьяат зүтгэлтэн, академич, төрийн соёрхолт П.Хорлоо, Профессор, доктор, гавьяат эмч А.Ёндондорж, гавьяат нэгдэлчин Д.Намнандорж, эрдэмтэн доктор Э.Равдан, Т.Содномдаргиа, Д.Эрэгдэндавга, Г.Норовсамбуу, Т.Дорждавга, А.Цэрэннадмид, С.Норжинбадам, Д.Насандулам, Ж.Баттогтох, Э.Цэрэнлхагва, Ц.Бор, Улсын сайн малчин Х.Дашцэрэн, Б.Бэхочирбаатар, Д.Хүрэл, улсын аврага хадланч Д.Батөлзий, аймгийн даргаар ажиллаж байсан Б.Цэрэннадмид, Н.Дамдинпүрэв, Г.Төмөрбаатар. Ж.Жанцандорж зэрэг олон алдартнууд төрөн гарсан юм.

ХЭНТИЙ АЙМГИЙН ДЭЛГЭРХААН СУМЫН ХЭРЛЭНБАЯН-УЛААН БАГ

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан багийн тухай мэдээллийг Та бүхэнд толилуулж байна Монгол Улсын дөрөв дэх Ерөнхий сайд олноо Хичээнгүй сайд нэрээр алдаршсан Балингийн Цэрэндоржийн өлгий нутаг 1000 өвөлжөөт, 100 булагт отрын нутаг Хэрлэнбаян-Улаан нь анх БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1962 оны 9дүгээр сарын 12 ны өдрийн 470 дугаар тогтоолоор Хэрлэнбаян-Улааны отор тэжээлийн аж ахуй нэртэйгээр байгуулагдаж байжээ. Хөгжлийн явцад худалдаа үйлчилгээний болон эмнэлэг, сургууль, цэцэрлэг, холбоо, соёлын төв зэрэг байгууллагууд байгууллагдсныг харгалзан үзэж, засаг захиргааны нэгж болгон, БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 1974 оны 7 дугаар сарын 27- ны өдрийн зарилгаар Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан хороог байгуулж, төвийг Дулаан гэж нэрлэсэн байна.  1992 онд орон нутаг засаг захиргааны бүтэц өөрчлөгдөхөд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1-р баг болон өөрчлөгджээ. Хэрлэнбаян-Улаан нь байршлын хувьд зүүн хойд талаараа Хэнтий аймгийн Цэнхэрмандал, зүүн талаараа Хэнтий аймгийн Жаргалтхаан, баруун урд талаараа Хэнтий аймгийн Дархан, Дорноговь аймгийн Сүмбэр, баруун талаараа Төв аймгийн Баянжаргалан, баруун хойд талаараа Төв аймгийн Баяндэлгэр сумд, Улаанбаатар хотын Багануур дүүрэгтэй хиллэдэг. Улаанбаатар хотоос 230 км, Хэтий аймгийн төвөөс 180 км зайд Хэрлэн голын сав газарт Баян-Улаан уулын энгэрт байрладаг юм  Багийн нийт нутаг дэвсгэр 192856 га газар нутагтай. 504 хүн амтай, 50947 толгой малтай ажээ. Хэрлэнбаян-Улаан багт найман төсөвт байгууллага, зургаан аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байна  

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЯНГОЛ СУМ

Баянгол сум нь хуучнаар Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн хошуу юм. Тус сум 1924 онд байгуулагдсан. Газарзүйн байршлын хувьд говь хээрийн бүсэд багтах бөгөөд баруун, хойд, зүүн талаараа өөрийн аймгийн Tөгрөг, Тарагт, Сант, өмнөд талаараа Дундговь аймгийн Сайхан-овоо сумтай тус тус хиллэж, 354257 га нутаг дэвсгэртэй бөгөөд Өндөр-Өнц, Эргэндэнж, Цагаан булан, Хаяа, Цавын ихэр, Ширээ гэсэн засаг захиргааны нэгж болох зургаан баг, 1141 өрх, 3967 хүн амтай сум билээ.  Улаанбаатар хотоос 412 км, аймгийн төв Арвайхээрээс 80 км зайд байрдладаг ажээ. Баянгол суманд байгалийн болон түүх соёлын дурсгалт газрууд байдгаас “Пур ширээ” хэмээх түүхт газрын тухай сонирхуулая.  Түшээт ханы тавнан Бааньжавын хөвгүүн Лувсанванчинбалбарыг (1705-1788) таван настайд нь Эрдэнэбандид хутагт ламын гэгээний II дүрд тодруулан өргөмжилсний баяр Бат-Оршил өргөх Даншиг наадам Онгийн голын Пур ширээ гэдэг газар 1709 оны шарагчин үхэр жил болжээ. Энэхүү даншиг наадам болсон газар нь Онгийн голын баруун хөвөөнд Баянгол сумын 6- р багийн нутагт байдаг.. Даншиг наадмын их насны морины уралдаанд 1000 гаруй хүлэг уралдсанаас Арвай хээр гэдэг морь онцгой хурдлан түрүүлсэнийг тэмдэглээд дурсгал болгож уралдаан болсон газрыг Арвай хээр хэмээн нэрлэсэн ажээ.  Баянгол сум нь ажил үйлсээрээ бусдыгаа манлайлан, Аймгийн Засаг даргын 2012 оны а/08 дугаар захирамжаар аймгийн анхны “Жишиг сум” болж байсан түүхтэй.  Тус сум нь Монгол бөхийн ногоон дэвжээнээ уран мэх, хурц барилдаанаараа ид хаваа гайхуулан, ард олноо баясгасан Улсын арслан Сүнрэвийн Самданжигмэд, Улсын заан Жаргалын Дорж, Улсын заан Жаргалын Ориг, Улсын заан Болдын Сайнбаяр нарын өлгий нутаг юм .

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХАРХОРИН СУМ

Эртний Монголын эзэнт гүрний нийслэл Хархорин хотын өлгий, түүх соёлын болон байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий Орхоны хөндийд Хархорин сум оршдог.  Түүхийн сурвалжаас авч үзвэл, Дундад зууны Монголын эртний нийслэл Хархорин хот 140 жил оршин тогтсны 32 жил Монголын эзэнт улсын нийслэл байв. Тухайн үед Хархорин хот 2 хороололтой байжээ. Сарацины (Лалын хороолол) зах зээл ба олон гудамжтай нөгөө нь гар урчууд суудаг Хятадын хороолол. Энэ хоёр хороололоос гадна янз бүрийн ястан үндэстэн, мөргөл шүтээний 12 сүм дуган байв. Хотын захад лалын 2, христос шашны 1 сүм байв.  Хот 1215, 1268 онд их түймэрт автсан. Хятадууд хэд хэдэн удаа (1380, 1466 онд) эвдлэн нураасан боловч тухай бүрд сэргээн босгож байсан байна.  Нийслэлд 1238 онд баригдсан Өгөөдэй хааны ордон онцгой байр эзэлж байв. Энэ ордныг Түмэн амгалан гэж нэрлэдэг байв. Энэ ордон газраас дээш өргөгдсөн өндөр довжоотой, 64 баганатай байсан бололтой. Ордны шалыг ногоон хавтангаар хийж ханыг нь янз бүрийн зургаар чимсэн байжээ. Мөн дээврийг нөгөөн, улаан ваараар бүржээ. Хархорин хотод Өгөөдэй хааны хүүхдүүд, төрөл садныхны болон бусад хааны удмынхны нэлээд олон тооны орд харшууд баригдаж байжээ.  1950 онд Хархорум хотын өмнөд хаалганы орчмоос анжисны 18 төмөр хошуу, 3-21 см голчтой 52 төмөр цөн, жадны үзүүр 2 хүрэл хонх, зэр зэвсэг зэрэг үйлдвэрийн бүтээгдэхүүн мөн газар тариалан хэрэглээний зүйлс олджээ. Үүнээс авч үзэхэд тус хот газар тариалангийн багаж зэр зэвсэгийг нэлээд хэмжээгээр үйлдвэрлэж байсан байна. Ваар, шаазан, туйпуу шатааж Монгол маягийн ногоон паалан цутгадаг, зуух байсан ул мөр байна. Гаргаж байсан уг бүтээгдэхүүн дээрээ уран дархчууд өөрийнхөө гарын хээ тавьж сайн чанартай гэсэн өвөрмөц баталгааг гаргадаг байжээ. Манай Улсын мөнгөн тэмдэгт дээр Хархорумын усан оргилуурыг дүрсэлсэн байдаг билээ.  БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1956 оны 4 дүгээр сарйн 13-ны өдрийн өдрийн 256 дугаар тогтоолоор үр тарианы чиглэлийн “Хархорин” нэртэй сангийн аж ахуй байгуулагдаж байсан бөгөөд 1957 оны 12 дугаар сард Хархорин сумын АДХГЗ байгуулагдаж, Архангай аймгийн харъяаллаас Өвөрхангай аймгийн харъяалалд шилжүүлсэн ажээ.  Одоо Хархорин сум Вангийн овоо, Ганган-Орхон, Эрдэнэ толгой, Нарийн хүр, Онгоцон-Ухаа, Жалбаа, Шанх, Орхон гэсэн 8 багийн 3628 өрхийн 12601 хүн амьдардаг. Хүн амын тоогоор Өвөрхангай аймгийн 19 сумаас хоёрдугаарт ордог ажээ. Тус сум нийслэл Улаанбаатар хотоос баруун зүгт 343 км, аймгийн төв Арвайхээрээс 138 км-ийн зайтай оршдог. Сумын нутаг дэвсгэрийн баруунаар Архангай аймгийн Хотонт, хойд талаараа мөн аймгийн Хашаант, зүүн урдуур өөрийн аймгийн Бүрд, Зүйл, урд талаараа Хужирт сумуудтай тус тус хиллэдэг. Орхон голын хөндий нь түүх соёлын дурсгалаараа монголд төдийгүй ази тивд дээгүүр байр эзэлдэг өлгий нутаг юм. Мянган дурсгалт Орхоны хөндий хэмээн нэрлэсэн нь эрт дээр үеэс хүн амьдарч суурьшиж байснаас улбаалан өөрсдийнхөө үйл амьдралтай холбоотой хэдэн зуун хөшөө дурсгалыг үлдээжээ. Орхоны хөндийн түүхийн дурсгалт газрууд эртний нийслэл Хархорум хот,Эрдэнэ зуу музей зэрэг олон түүх соёлын газруудаараа Монгол улсад төдийгүй гадаадын зочид, жуулчдын сонирхолыг зүй есоор татаж байгаа бөгөөд Хархорин суманд аялал жуучлал эрчимтэй хөгжиж байна.   Ту сумаас төрөн гарсан алдартнуудаас дурдвал, МУ-ын Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт бөх Зэвэгийн Ойдов, МУ-ын Гавъяат тамирчин, үндэсний бөхийн улсын заан Зэвэгийн Дүвчин, МУ-ын Гавъяат тамирчин, жүдоч Мөнхбаатарын Бундмаа, Улсын заан Цэрэндонойн Санжаа, Улсын заан Төмөрбаатарын Санчир гээд олон сайхан хүмүүс бий.

СЭЛЭНГЭ АЙМАГ ЦАГААННУУР СУМЫН ТИЙРЭГ БАГ

Монгол Улс 330 сум, 1602 багтай. Эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист таран байршсан баг, сумдын тухай мэдээллийг Та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Сэлэнгэ аймаг Цагааннуур сумын Тийрэг 3-р багийн тухай мэдээллийг хүргэе.  Сэлэнгэ аймаг Цагааннуур сумын Тийрэг 3-р баг нь анх 1992 онд 236 өрх 844 хүн амтай, 5 мянга гаруй толгой малтай 130,6 мянган га нутагтайгаар байгуулагдаж байсан бол одоо 456 өрх, 1715 хүн ам, 38810 толгой малтай. Багийн нийт өрхийн 28.3 хувь нь хөдөө, 71,7 хувь нь сумын төвд суурин амьдардаг. Багийн нутаг дэвсгэр нь баруун хойд талын өндөрлөг нь ухмал уулаар хиллэж баруун талаараа Хуурч гол, баруун урд талын цэг нь Гангат, хойд талаараа Түшиг сум, зүүн урд талаараа Зүүнбүрэн сумтай Сэлэнгэ мөрнөөр, зүүн талаараа Орхон Сэлэнгийн бэлчирээр хиллэдэг.  Тийрэг багийн хамт олон нь 2006 онд сумын шилдэг баг, 2008 онд аймгийн тэргүүний баг, 2013 онд Сэлэнгэ аймгийн шилдэг тожилттой багаар шалгарч байсан бүтээлч хамт олон юм. Тийрэг багийн анхны Засаг даргаар Ч.Бадарч анх ажиллаж байжээ. 1996 онд Д.Дамдинбазар багийн засаг даргаар сонгогдон одоог хүртэл сонгогдон ажиллаж байна  Тус багаас төрөн гарсан хөдөлмөрч бүтээлч олон алдартнууд бий. Монгол улсын Хөдөлмөрийн баатар гавъяат механикжуулагч Ургацын хишиг ХХК- ны ерөнхий захирал Ж.Авирмэд, Хөдөлмөрийн баатар Ц.Сүрэн, гавъяат агрономч С.Хундмаа, гавъяат механикжуулагч Сэлэнгэ тариа ХХК-ны Захирал К.Тлеухан нар болон Монгол улсын сайн малчин П.Олонбат, улсын аварга тариаланч 4, улсын 5 удаагийн аварга хадланч Ц.Шавлай гэргий улсын аварга Д.Байгалмаа нарын ажил бүтээлээрээ манлайлсан хүмүүс олон бий. Тийрэг багийн нутаг дэсвгэрт түүхэн дурсгалт газар олон байдгаас Чингис хааны буудалсан буурь, Хөшөөтийн адагт дөрвөлжин буган хөшөө, агаарын зоригт шонхор нисгэгч улсын баатар Дэмбэрэлийн байлдааны онгоцоор буусан газар Нүхдийн хадан агуй зэрэг түүхт газрууд олон бий.  Аливаа өвчнийг анагаах увидастай эм болсон ургамал, рашаан шавар байдаг. Хөндлөн булагын ус шавар нь эмнэлэгийн зориулалтаар ашигладаг бөгөөд баруун Харгистай рашаан, Рашаантын булагын рашааныг дээр үеэс дотор өвчинд хэрэглэж байжээ. Тийрэг багийн нутаг дэвсгэрт олон төрөл зүйлийн өвс ургамал харлиуран байдгаас нэрлэвэл, бамбайн үндэс, цөс өвс, тэмээн сүүл, цээнэ, нохой хошуу, долоогоно, чацаргана, мойл, бөөрөлзгөнө гэх мэт жимс жимсгэнэ эмийн ургамал элбэг байдаг байгалийн үзэсгэлэн бүрдсэн сайхан нутаг билээ.

ХЭНТИЙ АЙМГИЙН ХЭРЛЭН СУМ

Эзэн богд Чингис хааны өлгий нутаг, Хан Хэнтий аймаг Монгол улсын ууган дөрвөн аймгийн нэг бөгөөд Хэрлэн, Онон голуудын сав нутагт оршдог билээ.  Анх Хан Хэнтий уулын аймаг 1923 онд 25 хошуу, 2 шавь, 109 сум, 328 багтай Өндөрхаан хошууны Хэрлэн голын хөвөө Цагаан Эрэг гэдэг газар одоогийн Чингис хотод байгуулагджээ. Хэнтий аймгийн Чингис хот нь зүүн бүсийн тулгуур төв хот бөгөөд 1840 онд анх Шолой цэцэн хааны ордон баригдсан тэр үеэс түүх эхэлдэг гэж үздэг. 1923 оноос Хан Хэнтий уулын аймгийн төр захиргаа, олон нийтийн төв болж улмаар БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1962 оны 6 дугаар сарын 20 ны өдрийн 174 дүгээр зарлигаар анх Өндөрхаан хот болж, 1999 онд УИХ-ын 20-р тогтоолоор Өлзийт сумтай нэгдэж аймгийн зэрэглэлтэй Өндөрхаан хот хөгжиж ирсэн бол 2013 оноос Чингис хот болсон түүхтэй.  Аймгийн төвийн сум Хэрлэн нь Засаг захиргааны анхан шатны найман багийн 6327 өрхөд 19317 хүн оршин суудаг. Хэрлэн сумын хувьд төвдөө зургаан баг, мөн Өлзийт, Тахилгат тосгон хамрагдана. Чингис хот нь Улаанбаатар хотоос 330 км-т оршдог ба, Хэнтий аймгийн Мөрөн сум, Баянхутаг сум, Биндэр сум, Батноров сумтай хиллэдэг. Сумын хэмжээнд нийт 206 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 3,2 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 1000,8 сая, аймагт 431,9 сая, орон нутагт 41,9 сая нийт 1474,6 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.

Төв аймгийн Аргалант сум

Төв аймгийн Аргалант сум 1977 онд атар газар эзэмших 2 дахь аяны жил байгуулагдсан бөгөөд 112,6 мянган га газар нутагтай, тариалангийн 15850га талбай, 85703га малын бэлчээртэй өргөн уудам, өгөөж баян нутагтай.Аргалын-Уул, Хөшөөт багийн нийт 533 өрхөд 1667 хүн амьдардаг. Сумын төвд Ерөнхий боловсролын сургууль, Эрүүл мэндийн төв, Хүүхдийн цэцэрлэг, Шуудан холбоо, ХААН, Төрийн банкууд ажилладаг. Дулааны төвлөрсөн хангамжтай, өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамаар холбогддог төдийгүй Улаанбаатар, Дархан хоттой хатуу хучилттай авто замаар холбогдсон.Газар зүйн байршлын хувьд тус сум нь Төв аймгийн баруун хойд хэсэгт Улаанбаатар хотоос баруун зүгт 82 км зайд, аймгийн төвөөс 106 км зайд байрладаг. Хойд талаараа Баянцогт сум, зүүйн талаараа Улаанбаатар хот, урд талаараа Алтанбулаг, баруун талаараа Баянхангай сумдтай хиллэдэг.Сумын нутаг далайн төвшнээс дээш 1200 м-т өргөгдсөн, элсэнцэр хөнгөн хүрэн хөрстэй, хангай говь хосолсон тансаг сайхан байгальтай, сумын нутаг дэвсгэр нь уул гүвээ толгод бүхий тал хээрийн бүс ажээ.Аргалант сумын нутагт бидний сайн мэдэх Хустайн нуруу, Жирмийн цагаан нуур, Молцогт элс, хурдан хүлгүүд тоосоо өргөдөг Хүй долоон худаг байдаг билээ. Аргалант сумын эдийн засгийн голлох салбар нь газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл юм. Сумын хэмжээгээр жилд 1531 га талбайд газар тариалан эрхэлдэг ба 2014 онд нэгжээс авах ургацаараа аймагтаа тэргүүлсэн.Газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг томоохон аж ахуй нэгжүүд болох Тусжин ХХК, Марс арвай ХХК, Хос бэрс ХХК, Аргалант атар ХХК, Мал аж ахуйн чиглэлд Жикс ХХК, Аргалантын тал ХХК-ууд үхэр сүргийг мах сүүний чиглэлээр өсгөн үржүүлж байна. Жикс ХХК нь төвлөрсөн цахилгааны системд холбогдсоноор үнээний цахилгаан саалтуур,тохилог байр, усан хангамж, сүүлийн үеийн техник технологиор иж бүрэн хангагдсан байна. Саалийн 100 үнээ махны чиглэлийн 150 үхэртэй. Жилд дунджаар нэг үнээнээс 2380 л сүү сааж Улаанбаатар хотын сүүний хэрэгцээнд нийлүүлж байна. Мал аж ахуйн эрсдэлээс хамгаалах, байгаль орчны доройтлыг сааруулах, малчдын амьжиргааг дээшлүүлэх зорилго бүхий 14 малчны бүлэг байгуулагдан ажиллаж байна. Малчны бүлэгт нийт малчдын 98 хувь хамрагдаж ажил үйлсээрээ тэргүүлж байна. Тухайлбал “ Бяцхан бүлэг” 2012 оны улсын тэргүүний малчны бүлгээр шалгарч байсан юм.

Хэнтий аймгийн Батширээт сум

Тус сум нь хуучин Сэцэн хан аймгийн Хөвчийн Дайчин Жонон Вангийн хошуу, Онон голын буриад хошуу, Биндэръяа уулын хошуу, Биндэр суманд багтаж байгаад 1952 оны 3 –р сард АИХ-ын тэгүүлэгчдийн 11-р зарлиг, СнЗ-ийн 167-р тогтоолоор Биндэр сумын 5,6,7,8,9-р багуудыг нэгтгэн байгуулагдсан түүхтэй.Батширээт сум 701,8 мянган га буюу 70,2 мян. км2 нутаг дэвсгэртэй. Хил хязгаарын хувьд хойд талаараа ОХУ-тай, зүүн талаараа Биндэр сум, баруун талаараа Өмнөдэлгэр сумдуудтай тус тус хиллэдэг.Сумын төв нь Хэнтий нурууны зүүн хэсгийн уулсын дунд Эгийн голын хөвөөнд далайн төвшнөөс 1100 гаруй метрийн өндөрт х.ө 48O 41’ , з.у 110O 10’ солбилцолд Өндөрхаан хотоос хойш 186 км, Улаанбаатар хотоос зүүн тийш 413 км зайтай оршино. Засаг захиргааны Онон, Барх, Хурх, Норовлин гэсэн 4 багтай.Сумын нутаг дэвсгэрийн 80,3% буюу 563,6 мян.га-г ойн сан, 18,5% буюу 131,4 мянган га-г бэлчээрийн эдэлбэр нутаг, 0,02% буюу 8,5 мянган га-г суурин газрын эдэлбэр нутаг эзэлдэг.Нийт 683 өрх, 2144 хүн амтай. Хүн амын 70%-ийг буриад ястан, 30%-ийг халх ястан эзэлдэг. Хөдөлмөрийн насны 1358 иргэнтэй. Үүнээс ажиллагсад 889, төрийн төсөвт байгууллагад 116, хувийн хэвшилд 763, хөдөлмөр эрхлээгүй хүн 198 байдаг. Малчин өрх 397 нийт 48693 толгой малтай. Үүнээс тэмээ 8, адуу 4253, үхэр 12733, хонь 20633, ямаа 11066 толгой байна.1933-1937 оны их хэлмэгдүүлэлтийн үед манай сумаас Санжийн Даш, Норовын Даш, Бавуудайн Раднаа нарын өвгөд Бүдийн Дашвал, Базарын Дамдин нарын залуус нийлсэн 223 хүнийг баривчилж шорон гянданд хорин ихэнхийг нь цаазаар авсан байна.1939 онд тус сумын эрчүүдээс 68 хүн халх голын дайнд оролцсоноос Ц.Гармаа, Базарын Дэлэгдорж, Ц.Ядамсүрэн нар Байлдааны гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдаж байжээ. 1938 онд Зуухын Баянголд Б.Лампран нарын санаачлагаар, Туяа, Шүхэр, Санж нарын санаачлагаар “ Ундрах” Эгийн голд Ц.Чойдог, Ц.Зундуйжамц нарын санаачлагаар “Эг” нэгдлүүд байгуулагдсан.1940 онд эдгээр нэгдлүүд нэгдэж “Батжил- нэгдэл болсноор мал сүргээ өсгөн үржүүлэх үүлдэр угсааг сайжруулах, гишүүдээ хөдөлмөрийн байраар хангах, газар тариалан туслах аж ахуй эрхлэх зэрэг үйл ажиллагаа явуулж байснаас гадна Эгийн голоос шуваг шуудуу татаж хүнсний ногоо эрдэнэ шиш тарьж шуудуугаа салаалан Борвооной өвгөний санаачлагаар тээрэм зоон цахилгаан эрчим хүч гарган банз зүсдэг байснаас гадна гахай, тахиа үржүүлэх, жимсний мод бут суулган давжаа алим, үхрийн нүд, мойл, чацаргана хураан авч байжээ. 1992 онд нэгдлийн зөвлөлийн хуралдаанаар “ Батжил” нэгдлийг татан буулгасан байна.Мод бэлтгэлийн анхны аж ахуй Батширээтийн модны үйлдвэр 1963 онд Бархын шүтээн буюу Догшин дов хэмээх газар байгуулагдан анхны даргаар Д.Гүржав томилогдон ажилласнаас хойш жилдээ 60,0 мян.м3 гуалин бэлтгэдэг 350 гаруй ажилтантай үйлдвэр болон өргөжин ажиллаж байгаад 1990-ээд оны дундуур хувьчлагдсан байна.Тус суманд 21 төлөөлөгч, 2 ажиллагсадтай ИТХурал, 18 ажиллагсадтай ЗДТГазар, 19 орон тоотой, 7 ортой Хүн эмнэлэг, 36 орон тоотой 274 сурагч, 60 хүүхдийн тохилог дотуур байртай ЕБС, 18 орон тоотой 100 хүүхэдтэй Хүүхдийн цэцэрлэг, 325 суудалтай 6 орон тоотой Соёлын төв, 5 орон тоотой Хан Хэнтийн Тусгай Хамгаалалттай газрын Онон хэсэг зэрэг байгууллагууд нутгийн иргэддээ төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэж шамдан ажиллаж байгаагаас гадна Шуудан холбооны салбар, Эмийн эргэлтийн сан, Цаг уурын станц, ЗӨБЦТССалбар, ХААН, Төрийн банкны тооцооны төв, “ Петровис” ХК-ийн салбар ШТС, “ Сүү” ХК-ийн салбар үйлдвэрүүд үйл ажиллагаагаа явуулж мод,сүү боловсруулах, худалдаа үйлчилгээ , аялал жуулчлалын чиглэлээр 30 аж ахуйн нэгж байгууллагууд ажиллаж байна.Мөн Ардчилсан намын хороо, МАХН-ын хороо зэрэг улс төрийн намууд Байгаль хамгаалах “ Хөвчийн Жонон”, “Хөгжилд хүрэх зам” Сумын жолооч нарын “Бат жолоо”, “Хавтгар ширээт” “ Ар хөвчийн унага” уяачдын холбоо, АА- нийгэмлэгийн “ Бат-Ирээдүй” бүлэг зэрэг төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.Манай сум 2006 онд сансрын холбооны “ Всат” станц суурилуулж 2007 онд төвийн эрчим хүчний нэгдсэн ситемд холбогдон 2008 онд үүрэн холбооны “ Скайтель” “ Жи мобайл” , 2012 онд Юнитель, Мобиком компаниуд салбараа нээж 2009 онд “ Батширээт FM-104 радиог байгуулсан нь сумын цаашдын хөгжил дэвшлийн үндэс суурь тавигдсан чухал үйл явдлууд болсон билээ.Манай сум түүх соёлын дурсгалт газар олонтой бөгөөд Монголын нууц товчоонд дурьдагдсан Тэргүүн Өндөр, Хорхонуг Жибур, Ихсийн газар, Хулдгар Хун, Бэдэр хошуу, Химурга горхи, Хорчихуй болдог, Ботохан бооржи зэрэг газрууд Биндэръяа уулын чулуун зэвсгийн бууц, Рашаан хад, Үзүүр цохионы сүг зураг, тамга тэмдэг , Хажуу нуурын буган хөшөө, Баянгол Эгийн Живхээстэйн хүн чулууд, Кидан улсын үеийн Өглөгчийн хэрэм, Өгөөмөр Ёл, Живхээстэй, Бархын дөрвөлжин булш зэргийг дурьдах байна.Улс орон, аймаг сумаа хөгжүүлэх үйлсэд Батширээтчүүд идэвхтэй оролцож олон арван алдар гавъяатнууд төрөн гарсан юм. Манай сумаас Монгол улсын Хөдөлмөрийн баатар М.Володъя, Монгол улсын төрийн соёрхолт яруу найрагч Нямбуугийн Нямдорж, Улсын сайн малчин Ш.Цэнд-Аюуш, С.Цэнд, Улсын хошой аварга малчин Р.Дорж, Улсын аварга саальчин Д.Тожил, Монгол улсын гавъяат геологич Д.Тогтох, Гавъяат жүжигчин З.Шагдар, Ш.Одончимэг, Гавъяат багш доктор профессор Н.Ням-Осор, Аж үйлдвэрийн гавъяат ажилтан Г.Базаргүр, БНЧех улсын гавъяат геологич доктор Д.Ренчинням,Улсын начин Ш.Шаравжамц, УИХ-ын гишүүн асан Ч.Ган-Өлзий, Н.Төвшинтөгс, АБЯ-ны орлогч сайд, аймгийн дарга асан Д.Аюуш, дэд сайд Б.Дэрдэв, С.Очирпүрэв, Аймгийн дарга асан С.Чимэдцэрэн нарын төр нийгмийн зүтгэлтнүүд, доктор Ж.Нанжид, С.Гомбо, Д.Чимиддорж, Ц.Батбаяр, Б.Балжинням, А.Мөнх-Оргил, Клиникийн профессор А.Оюун нарын эрдэмтэн мэргэд, Монгол улсын алдарт уяач Г.Содном, чанарын улсын аварга Г.Сэрээтэр, Ой модны системийн аварга жолооч С.Дамдинжав, Эрүүлийг хамгаалахын бага эмч Ж.Цэрэнчанаа, Ажил мэргэжлийн улсын уралдааны 3 удаагийн аварга Б.Дугдан, хошой аварга О.Чулуунбаатар, Л.Өрнөлт, Улсын залуу аварга малчин Б.Дэлгэрмаа, , Волейболын спортын нэрт дасгалжуулагч Г.Базарсад, Байт сурын олон улсын хэмжээний мастер Б.Долгормаа, гар бөмбөгийн олон улсын хэмжээний мастер Я.Энхмаа, мото спортын ОУХ-мастер Б.Ган-Од, шатрын спортын анхны мастер Ц.Цэдэнжав, улсын мэргэн үндэсний сурын спортын мастер Г.Пүрэв, Д.Нямсүрэн, гар бөмбөгийн спортын мастер Ч.Төвшинтөр, Д.Жаргалсайхан, Т.Оюундэлгэр, Б.Ариунаа, А.Хэрлэнтооно, Л.Нэргүй, Д.Батболд, Ж.Отгонбаяр, Г.Ганболд, Ж.Одонтунгалаг, Р.Энхмаа, Нацагдоржийн шагналт зохиолч яруу найрагч Б.Нямаа, МЗЭ-ийн шагналт Л.Нямаа, С.Очиржав, Д.Дашшарав, Ш.Цэндгомбо, Б.Одгэрэл, Д.Гансүрэн, Б.Энхжаргал нарын уран үгийн дархцуул, Аймгийн аварга малчин Ц.Сандаг, А.Бэх-Очир, Я.Цэрэндорж, С.Дашсүрэн , Аймгийн алдарт уяач Ц.Ичинхорлоо, А.Бэх-Очир, Х.Балжинням нар төрөн гарч 2002 оноос “ СУМЫН ХҮНДЭТ ИРГЭН” цол тэмдэг олгох тухай ИТХ-ын шийдвэр гарч Багануур төвийн бүсийн Цахилгаан Дамжуулах Сүлжээ ТӨХК-ийн Багануур, Чойр салбарын ерөнхий инженер Д.Нямсүрэн, Их Засаг их сургуулийн ректор нутгийн зөвлөлийн дарга доктор профессор Н.Ням-Осор, “ Альфа моторс” компанийн ерөнхий захирал Ч.Ганхуяг, ГТХАН-ийн “ Байгаль хамгаалал ба байгалийн нөөцийн тогтвортой менежмент” төслийн орон нутгийн зохицуулагч хатагтай Сандра Фолмейстр, Аймгийн Засаг дарга асан С.Чимэдцэрэн, ХААИС-ийн багш докторант Ш.Дэнсмаа нар шагнагдаад байгаа нь Батширээт бидний бахархал болж байдаг юм.Тус сум нь Хэнтийн нурууны салбар уулсын зүүн хойд талын хөвч тайгын бүс бүслүүр болон ойт хээрийн бүсэд далайн төвшнөөс дээш 1100-2300 метрийн өндөр өргөгдсөн нутагт оршдог билээ. Далайн төвшнөөс дээш 2000м-с дээш өргөгдсөн Ноён, Хатан, Дуут Ян, Алаг Ян зэрэг өндөр уулстай, Онон, Эг, Барх, Хурх, Ашинга, хушинга зэрэг 61 гол, Цэгээн, Ёл, Булан, Биндэр, Живхийн нуур зэрэг 13 нуур цөөрөм Ононгийн халуун рашаан, тарц, Арангатай, Хужир нуга, Гүнталхаан, Сүүл толгой зэрэг халуун хүйтэн рашаантай.Сумын нийт нутгийн ойн сангийн ихэнх хувийг шинэсэн ой зонхилж хуш, нарс, улиас, хус, бургас, гацуур, жодоо зэрэг мод ургаж гол мөрний хөндийгөөр мойл, нэрс, хад, улаагана, аньс, нохойн хошуу, үхрийн нүд, гүзээлзгэнэ, долоогоно зэрэг жимс жимсгэнэ элбэг ургахаас гадна тарваган шийр, алт мөнгөн гагнуур,бамбай, лидэр, сөд зэрэг эмийн ургамал, мангир, гогод, зэрлэг сонгино, цагаан төмс, төрөл бүрийн мөөг зэрэг хүнсний ургамал элбэг ургана.Батширээт сум ашигт малтмалын нөөцөөр арвин бөгөөд хайгуул судалгааны дүнд алт, хөнгөн цагаан, цагаан тугалга, төмрийн хүдрийн нөөц бүртгэгдсэн байдаг.Ой тайгад баавгай, буга хандгай, гахай нохой зээг, шилүүс, хүдэр, чоно, гөрөөс, булга, чандага, дорго, жирх, солонго, үе үнэг хярс зэрэг ан амьтан мэрэгчид амьдарч ус голд нь тул, зэвэг, цурхай, гутаар зэрэг загас жараахай хур, сойр, хөтүү, ятуу, галуу, нугас, тоодог тогоруу зэрэг нүүдлийн шуувд болон суурин шувуудтай. Уур амьсгалын хувьд өвөлдөө -15-49 хэм хүйтэрч зундаа +15+35 хэм дулаардаг. Байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалтай. Зундаа 200-300мм, өвөлдөө 100-200 мм хур тунадас ордог.Сумын бүтээлч иргэд зүсмэл модон материал, дүнзэн байшин, буриад талх, мойлтой тос, цөцгий ,словак бяслаг зэрэг брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж, сумын ИТХ-аараа “ЭКО БАТШИРЭЭТ” хөтөлбөр, сумыг 2010-2020 онд хөгжүүлэх эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөө, ойн хөтөлбөр, боловсон хүчний талаарх баримтлах бодлогыг батлуулан цаашдаа байгальд халгүй үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхээр ажиллаж байгаа. Байгалийн үзэсгэлэнт сайхан нутагтай тус нутгийнхны буриад ахуй соёл гадаадын болон дотоодын аялагчдын анхаарлыг татдаг нь аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой сум юм.