СОЁМБО ТЭМДГИЙН УТГА УЧИР

Соёмбоны хамгийн дээр нь байдаг гурван үзүүртэй гал бол өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт балчир, идэр, өтгөс гурван үеэрээ үүрд мандан бадрахын утгатай болно. Энэ нь монголчууд галыг мандан бадрахын утгаар хэрэглэдэгтэй холбоотой юм. Түүний доор буй нар сар хоёр бол мөнх хөх тэнгэрийг төлөөлөн эгнэгт батжин бэхжиж, энхэрч мөнхжихийн бэлгэдэл юм. Энэхүү гал, нар, саргурав нийлээд Монгол улс үүрд мандан бадрах болтугай гэсэн утга агуулжээ. Гурвалжин дүрс бол жал, сумны гилбэрийг дүрсэлсэн бөгөөд үзүүрийг нь доош харуулсан нь улс ардын дайсныг дарна гэсэн далд утгатай. Түүний доорх тэгш өнцөгт дүрс бол хуягны ялтсыг дүрсэлсэн шулуун шударга, бат бөх, журамтай гэсэн утга хадгалжээ. Харин дунд нь орших хос загасын дүрс нь өнөр өтгөн, сонор соргогыг билэгддэг. Учир нь эртнээс монголчууд загасыг өдөр шөнийн цагт нүдээ аньдаггүй, үр төл ихтэй амьтан гэж үзэж ирсэнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл арга билэг буюу эр эм гэсэн утгатайн дээр хүн ард нь бүгд сонор соргог сэрэмжтэй байж, өсөн үржиж улс орноо цэцэглүүл гэсэн утга илэрхийлдэг ажээ. Соёмбоны хоёр талд байх босоо дөрвөлжин нь хэрмийг дүрсэлсэн тэмдэг бөгөөд энэ нь монголын бүх ард түмэн эх орныхоо төлөө эв сэтгэл нэгтэй бол төмөр хэрмээс ч бат бэх гэх санааг агуулжээ. Ийнхүү соёмбо тэмдэг нь Монголын ард түмэн гал мэт мандан бадарч, наран саран мэт гэрэлтэн мөнхжиж, сум мэт хурц шулуун, хуяг мэт бат бэх байж, загас мэт сонор соргог, өнөд өнөр өтгөн явж, арга билгээ хослон төмөр хэрэм лугаа адил төр улсаа хамгаалья гэсэн гүн гүнзгий утга санааг агуулсан байдаг юм байна. Эх сурвалж: Ч.Аръяасүрэн, Х.Нямбуу  " Монгол зан заншлын их тайлбар толь"  

ӨЛЗИЙ ХЭЭНИЙ УТГА, БЭЛГЭДЭЛ

Өлзий хээ нь зуун зууны туршид Монголчууд бидний амьдрал ахуй, гоёл чимэглэл, эд хэрэглэлдээ хэрэглэж ирсэн бэлэгдэл зүй өндөртэй хээ дүрс юм. Монголчууд морьдоо ихэд дээдлэн шүтдэг байсан ба 6 насны морь дотроос соёолон морины идэр нас, хүч чадлыг дээдлэн бэлэгддэг байжээ. Соёолон морийг дээрээс нь давхиж явааг дүрслэн урд, хойд дөрвөн туурай, толгой, сүүл хэсгээс Өлзий хээ бүтсэн гэсэн хувилбар байдаг. Тус хээ нь эзэндээ баяр жаргал, эд баялгийг дуудан, урт удаан наслахыг бэлэгддэг учир эрт дээр үеэс Монголчууд гэрийн эд хэрэгсэл, гоёл зүүлт, хувцас эдлэлдээ өргөн хэрэглэсээр ирсэн уламжлалтай. Айл гэрийн авдар, үүд хаалга, хашаа зэрэгт оруулсан байдгийн учир нь тухайн айл, цаашлаад улс гүрэнд өвчин зовлонгүй, дайн дажингүй, хулгай дээрэмгүй байхыг бэлэгдэн домнодог байжээ. Өлзий хээг сайн ажиглавал дотроо “Хас” хээг багтаасан байдаг ба энэхүү хээ нь хулгай, хар, цагаан хэл амыг домнодог домтой ч гэлцдэг. Мөн “Хас” хээг эрт үеэс Монголчууд хэрэглэж байсныг ӨМӨЗО-ны Монгол хээ судлаач профессор, доктор Чулуун судалгаандаа баталсан байдаг. Гол хэсэгт байрлах Ромбо дүрс нь аливаа гаднаас ирэх муу энергийг дотогш нь оруулдаггүй, гадагш буцаадаг увидастай тэмдэгт бол Өлзий хээний уялага буюу эхлэл төгсгөлгүй үргэлжилсэн зураас нь урт удаан наслах, хэзээд төгсгөлгүй сайны дээд өлзий учралыг ерөөн бэлэгддэг байна.

НҮҮДЭЛЧДИЙН СЭТГЭЛГЭЭ, ЭРХЭМ ЗҮЙЛС, ӨВ СОЁЛЫГ САЙН МЭДЭХГҮЙ ГАДНААС НЬ АЖИГЛАСАН ГАДААДЫН ЭРДЭМТЭДИЙН ҮГЭЭР ӨӨРСДИЙГӨӨ ДОРД ҮЗЭН ҮГҮЙСГЭХ ҮЗЭЛД БИД АВТСАН

Үндэстнийг устгахын тулд хамгийн түрүүнд түүх, өв соёл руу нь дайрдаг технологи бий бөгөөд бид ч энэхүү түүх, соёлын геноцидэд хоёронтоо өртсөн ард түмэн юм.  Чухам бид ийнхүү түүх, соёлын устгалд өртөж, мартаж, ихээхэн элэгдэж хорогдсон нь өнөөдөр Монголчуудад нийтээр дагадаг ёсзүйн цогц үзэл баримтлал байхгүй гэсэн эргэлзээг төрүүлдэг. Өнөө байхгүй мэт байж болно, урьд өмнө байсан болохыг буурал түүх гэрчилнэ, харин хожмоо түүнээ сэргээн босгож чадах эсэхийг чухам бид мэдэх хэрэг билээ.  Нүүдэлчид бидний сэтгэлгээ ахуй амьдралын онцлог, үнэт зүйлс, өв соёлыг сайн мэдэхгүй гаднаас нь ажигласан гадаадын эрдэмтэн судлаачдын үгээр өөрсдийгөө дорд үзэн үгүйсгэх үзэлд бид хэсэгтээ л автсан. Тухайлбал, барууны түүхийн шинжлэх ухаанд нилээд түгээмэл болсон иргэншлийн онолд ард түмнүүдийг соёл иргэншлийг бүтээгчид, түүнийг эвдлэн нураагчид, хөгжиж чадалгүй иргэншлийнхээ эхэн үед зоогдон гацагсад хэмээн гурав ангилж, монголчууд биднийг болон бидний дээдэс хүннүчүүдийг тэрхүү эвдлэн нураагчид мөн хэмээн үзэж байв.  Мөн,  - монголчууд бол хоцрогдсон нүүдэлчид, умардын зэрлэгүүд, монголчууд бол эртний бүдүүлэг цаг үеэс тохиолдлоор гээгдэн үлдэгсэд,  - нүүдэлчдийн соёл иргэншлийг соёл иргэншилийн ай савд хамруулахгүй, соёл иргэншил төстэй үзэгдэл гэх нь ч байна. Мөн цагийг эзэлсэн социалист үзэл суртлын нөлөөнд ч автаж, үндэснийхээ өв соёлоос бишгүй хөндийрсөн. Манж, хятад мэт харийн хорлонт бодлогод өртөж, үндэснийхээ онцлог шинж төрхийг ч багагүй гээжээ.  Гадна ертөнцөд бидний ийн доор шааж үзэхийн хажуугаар “Тамын тогооны монголчууд”, “Нүүдэлчид бол язгуурын бэртэгчид юм”, “Зэрлэг бүдүүлэг монголчууд”, “Эвлэж нийлж чаддаггүй монголчууд”, “Урт гарт монголчууд”, “Хүний мууд дуртай, ядарсандаа ноён зант монголчууд” гэх мэтээр өөрсдийгөө, бие биесээ үргэлжийн доордод үздэг үзэл хандлага хүчтэй байна. Энэ бол яавч өнө эртний тэрхүү өв соёл, итгэл үнэмшлээс үүдэл гарвалтай биш юм. Энэ бол бид өөрсдөө үнэт зүйл бүхий дотоод ертөнцийнхөө хамгаалалтын кодыг санаатай болон санамсаргүйгээр эвдэлсний, эвдүүлсний, мөн гадны колоничлолын олон зуун жилийн шургуу хатгаас, зарим тохиолдолд хүч түрэн хэрэгжүүлсэн аймшигт үр урхагтай соёлын геноцитээс үлдсэн шарх сорви, хорт хавдар болно. Өнөөдөр ч яг тийм үйл явц үргэлжилж байна. Сүүлийн үед үндэстнийхээ сэтгэлгээний онцлог, уламжлалт өв соёлыг гүйцэд сайн ойлгож ухаараагүйгээс гадны буруу үзэл хандлагын нөлөөнд орж “Нүүдэлчин монголчууд бол язгуурын бэртэгчид” юм гэсэн үзэл хүчтэй дэлгэрч, олныг итгүүлэн үнэмшүүлээд зогсохгүй, онол ном болохоо шахан, төрийн бодлого, нийгэм-эдийн засгийн бодлогын суурь болон хэрэгжиж байгаа харамсалтай явдал ч бий. Биднийг сайтар мэдэхгүй гадаад судлаачид тийн хэлж, дүгнэж буй бол өөр хэрэг, харамсалтай нь бидний дотроос ийн дүгнэж итгэдэг хүмүүс цөөн биш болжээ. Гэсэн ч өнөөдөр бид хараахан өөрсдийн өвөрмөц онцлог шинжээ бүрэн тавьж туучихаагүй байна. Түүний илрэл нь бид өнөөдөр ард түмний сэтгэлгээний дотоодод өөрсдийн үнэ цэнэт зүйлсээ эрж хайсан, үгүйлсэн хандлага, орь дуу ихээр сонсогдох болжээ. Үндэстэн өөрийн шинж төрхөө алдаж эхэлбэл үндэстэн биш болж, мөхлийн сүүдэр нүүрлэж эхэллээ гэсэн үг болно. Харин бид өнөөдөр өөрсдийн шинж төрхөө үгүйлэн нэхэж байна. Түүнийг дахин сэргээж, цогцлоохыг эрмэлзэж байна. Монгол үндэстний эрхэм шинж алдраагүй, бидний иргэншил амьд хэвээр байгаа гэдэгт итгэнэм. Монгол хүний үнэлэмж сулран бүдгэрсэн цагтаа задрал бутрал, доройтолд унаж, бусдын хараан дор хэдэн зуунаар бөхөлздөг гашуун түүх нэг бус давтагдсан болно. Гэсэн хэдий ч мянга мянганы тэртээгээс хүчирхэг эзэнт гүрнүүдийг ээлж дараалан байгуулж явсан ой санамж, мэдээлэл нь бүрэн арчигдсангүй, МОНГОЛ ХҮНИЙ ЭРХЭМ ДЭЭД ҮНЭЛЭМЖ нь ор тас мартагдсангүй, зан заншил, ёсзүйнх нь харилцааны гүнд ямар нэгэн хэмжээгээр хадгалагдаж ирсний ул мөр бол эхэнд дурдсан мөнөөх “МОНГОЛ ХҮН БАЙНА ДАА”, “МОНГОЛОО АЛДСАН” гэх мэт хэллэг, ойлголт, хандлага болно.  “Монголоо алдсан”-ийн цаанаас ёс бусыг жигшсэн жигшил, зэвүүцэл, ёс зүйн хувьд “монгол хүн биш” болвоос Монголоо бүхэлд нь АЛДАХ аюултай гэсэн айдас, түгшүүртэй хослон сонсогдоно. Ашигч, завшаанч, зальтай, зусарч, хорон, хонзогнуур, товчхондоо ёсзүйгүй хүмүүн бол дотоод мөн чанараараа “Монгол хүн” биш гэж үзэж, тойргийн гадна гаргадаг сэтгэлгээний муруйлт нь өнөөдөр “эрлийз хурлийз” гэх мэтээр илэрдэг. Б.Номинчимэд https://www.facebook.com/NominchimedB