Төв аймгийн Баянчандмань сумын тухай мэдээллийг Та бүхэнд толилуулж байна
Анх Түшээт хан аймгийн Илдэн гүний хошууны Хүй долоон худаг зэрэг газàрт олон отгоос ирж суурьшсан хүмүүсийн Хүй мàндалын отгийн нутаг юм. 
Манжийн ноёрхлын үед /1691-1911/ Түшээтхан аймаг, Халхын умард зàмын баруун гарын баруун этгээдийн адгийн хошуу хэмээж, 1791 онд Баатар вангийн хошуунаас тасалж Илдэн гүний хошууг байгуулж байжээ. Олноо өргөгдсөн Монгол улсын үед /1911-1921/ Түшээт хан аймгийн Илдэн гүний хошуу хэмээх тамга олгожээ. 
Ардын хувьсгалын эхний жилүүдэд /1923-1931/ Богд хан уулын аймгийн Хутаг-Өндөр уулын хошуу гэж нэрлэгдэн 1923-1924 онд явж байгаад 1925 онд Ноён уулын хошуунд нийлсэн, нэг сум илүүхэн өрх хүн амтай байв. Энэ Илдэн гүний хошуунд одоогийн Баянчандмань сумын нутгаас гадна Партизан, Жаргалант хороо, Баянцогт сумын багаахан хэсэг хамрагдаж байжээ.
1936 онд хүй долоон худгаар нутаглаж байсан малчин ард Д.Өлзий, Ц.Найдан, М.Мөнхдэлгэр, Рэгзэдмаа, М.Цагаан, Мянган, нарын иргэд эвлэлдэн нэгдэж, Замтын адагт “Замтын нэгдэл”-ийг байгуулснаар Баянчандмань сумын түүх эхэлдэг. 
1938 онд нэгдэл буурь сэлгэн, одоогийн сумын төв байршил Эх сүжийн адагт суурьшсан бөгөөд 1951 онд төрийн дээд байгууллагын шийдвэрээр Баян-цогт, Баян-Өлзий, Бат-Сүмбэр 11 багийг таслан өгч, Баянчандмань сум нэгдэл болгон зохион байгуулсан ажээ. 
 УБ хотоос 68 км, Төв аймгийн төвөөс баруун хойш 112 км-т оршдог.
Засаг захиргааны анхан шатны нэгж 3 баг 1213 өрх 3823 иргэн 40812 толгой малтай сум юм. 
Газар зүйн байршлын хувьд Төв аймгийн хойд бүсэд багтан өөрийн аймгийн Баянцогт, Борнуур, Батсүмбэр, УБ хотын Сонгино хайрхан дүүрэгтэй хил залгаа оршдог. Нийт 61.315 га нутаг дэвсгэртэй, далайн түвшингээс дээш 1300-1500 м өндөр ойт хээрийн бүсэд оршдог бөгөөд тус суманд Нарст, Дарцагт, сүүл цагаан, Налгар, Олзод, Ширээгийн нуруу, Баян цагаан, Хавцгайт Арцат, Дарьбазарын хад /Ардын элч киноны зураг авсан/ Ханан хад зэрэг өвөрмөц тогтоцтой уул хад Шар, Баруун мухар, Зүүн мухар, Доргот, Эх сүж, Илт, Харгана, Хөшөөт, Хавцгайт зэрэг байгалийн үзэсгэлэнт газар, Есөн булаг, шарын гол, зүүн мухар, баруун мухар, Эх сүжийн Хавцгайтын Бор хужирын тойром зэрэг гол горхи тойрон байдаг байгалийн үзэсгэлэнт газруудтай. 
Тухайн нутагт 570 төрөл, 2000 орчим дүрсийн ургамал ургадаг ба дийлэнхийг лууль, үетэн, буурцагт ургамлын овог эзэлдэг. 
Гүзээлзгэнэ нэрс, мойл, үхрийн нүд, аньс зэрэг амтлаг жимс, цагаан мөөг, халиар ургах ба тарваган шийр, газрын хаг, хадны хаг, нохойн хошуу, боролзгоно зэрэг 40 гаруй төрлийн эмийн ургамал ургадаг. 
Чоно, үнэг, хярс, мануул, шилүүс, зэрлэг гахай, зэрэг махчин амьтдаас гадна буга согоо, гөрөөс, сүрэглэн олон төрөл зүйлийн шувууд нутагладаг.
Баянчандмань сумаас Хөдөлмөрийн баатар Д.Баттөр, Монгол Улсын гавъяат багш Г.Сүрэн, дасгалжуулагч Ц.Чанцал, тамирчин О.Энхтайван, багш Н.Лхагвасүрэн, найруулагч Н.Нагнайдорж , агрономич А.Бадарчин, дасгалжуулагч Д.Хишгээ нарын гавъяатууд, Төрийн соёрхолт академич Т.Ган-Эрдэнэ, Дэлхийн аварга тамирчин Э.Ууганбаяр, Олон улсын хэмжээний мастер Д.Оргодол, Н.Даваахүү, Улсын аварга малчин Г.Даржаа, ногоочин С.Саруул, тариаланч Д.Алтанцэцэг нарын алдартнууд төрөн гарсан билээ.