Манай орон өргөн уудам нутаг дэвсгэртэй, байгалийн өвөрмөц сайхан газруудтай улс билээ. Монгол Улс 330 сум, 1602 багтай. Эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист таран байршсан баг, сумдын тухай мэдээллийг Та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын тухай мэдээллийг хүргэхийг зорилоо. 
Хуучнаар Сайн ноён хан аймгийн Сайн ноёны хошуу бөгөөд 1924 онд байгуулагдсан. Цагаан овоо, Хүүхдийн-Ус, Өлзийт хошуу, Хөөвөр гэсэн 4 багийн нийт 697 өрхтэй, 2659 хүн амтай.Өвөрхангай аймгийн баруун урд хэсгийн говийн бүсэд Зүүн богдын ар хоолойд, их элсний захад, Цагаан нуурын хойд дэнж дээр оршдог.Баруун талаараа Баянхонгор аймгийн Богд сумтай, хойд талаараа Нарийнтээл, зүүн хойд талаараа Хайрхандулаан, зүүн талаараа Гучин-Ус, урд талаараа Богд сумтай хил залгаа нутагтай.
Улаанбаатар хотоос 605 км, Аймгийн төвөөс 175 км зайд байрладаг. Хамгийн өндөр нь Зүүн Богдын тэргүүн 3590 метр, нам цэг нь “Таацын Цагаан нуур” 1234 метр юм.
Мал аж ахуй газар тариалангийн үйлдвэрлэл голлон эрхэлдэг 2014 оныжилийн эцсийнбайдлаар 172555 толгой малтоолуулсан.Үүнээс тэмээ 2866, адуу 5742, үхэр 3229, хонь 58870, ямаа 101848 тоологдсон байна.
Тус сум нь аймгийн хэмжээнд 2014 онд зохион байгуулагдсан “Сумын төвийн тохижилт, гэр хорооллын стандартыг хэрэгжүүлэх” зорилтот уралдаанд тэргүүн байр эзэлж “ Шилдэг тохижилттой сум”-аар шалгарсан. 
Тус сумын нутагт Тарималын цагаан хүн чулуу, Дэмчиг бурханы хүн чулуу, Гончиг ламын өвөлжөөний буйр,Тээрмийн чулуу, Барчин тээгийн зурагт хад, Олон булш хиргисүүр, Хүрээ толгойн туурь, Морьтой хүний зураг бүхий хад зэрэг соёлын өвүүд хадгалагдаж байдаг
Тус сумаас Монгол улсын хөдөлмөрийн баатар их эмч Гончигсэнгээгийн Нямхүү, төрийн сайд дэслэгч генерал Цэдэнгийн Жанчив, гавьяат багш Ж.Жанцандорж, соёлын гавьяат зүтгэлтэн, академич, төрийн соёрхолт П.Хорлоо, Профессор, доктор, гавьяат эмч А.Ёндондорж, гавьяат нэгдэлчин Д.Намнандорж, эрдэмтэн доктор Э.Равдан, Т.Содномдаргиа, Д.Эрэгдэндавга, Г.Норовсамбуу, Т.Дорждавга, А.Цэрэннадмид, С.Норжинбадам, Д.Насандулам, Ж.Баттогтох, Э.Цэрэнлхагва, Ц.Бор, Улсын сайн малчин Х.Дашцэрэн, Б.Бэхочирбаатар, Д.Хүрэл, улсын аврага хадланч Д.Батөлзий, аймгийн даргаар ажиллаж байсан Б.Цэрэннадмид, Н.Дамдинпүрэв, Г.Төмөрбаатар. Ж.Жанцандорж зэрэг олон алдартнууд төрөн гарсан юм.