ГЭР УЛС ГЭЖ ЮУ ВЭ? 

“ Гэр –Улс ”  гэдэг үг  бол:  урид дуулдаагүй чихэнд сонин содон нэршил юм даа. Тодруулан тайлбарлаваас:

  • Гэр
  • Улс гэдэг угтаа: хоёр нэрнээс бүтсэн нэг шив шинэ хоршоо үг юм.

Одоо гэр гэдэг үгээ салгаж үзье. Гэр гэж юу вэ?

Гэрэл урисан тоонотой 

Гийчин урисан үүдтэй

Гиймэл нандин өргөөг

Гэр хэмээнэ

Я.Цэвэл багшийн  “ Монгол хэлний товч толь ”-д гэрийг “ Хүний оршин суух сууц”  гэжээ. Гэрийн өргөмж нэр нь: Өргөө, Нийтлэг нэр нь: Гэр, Доромж утга нь : Овоохой. Гэр олон янз. Тооно-ын том жижиг, ханын олон цөөн, унийн урт богиноос болоод доторхи зай, гаднах үзэмж нь өөр өөр болдог. Жишээ нь: Дөрвөн ханат, Таван ханат, Найман ханат, Арванхоёр ханат, Цомцог, Өргөө гэх мэт. Манайх бол таван ханат. Гэрийг бас хэрэглээний зориулалтаар нь: Номын өргөө, Дарханы өргөө, Багшийн өргөө, Нялхасын өргөө, Амаржих өргөө, Илүү гэр /банаг/, Хар гэр /шорон/ Цэнгэлийн өргөө гэх мэт 60 гаруй янзаар яс ялган янзаар нэрлэдэг. Манайх номын өргөөтэй.

 Үүнийг үл үгүүлэн үгүүлбээс гэр бол нүүдэлчидийн хувьд:

  • Унь унатал уйлсаар чарласаар төрдөг: Амаржих өргөө
  • Хана сунатал эрхэлсээр, сурсаар хүн болдог: Цэнгэлийн ордон
  • Багана өндөрстөл зүтгэсээр бүтээсээр хорвоог туулах: Гал голомт

Зудаа зугтаан, өн дээрээ өртөөлөн очиж чаддаг, гангаас зугтаан зун дээр нисэн хүрч болдог гайхамшигт ганц орон бол: Зөвхөн гэр.

Гэрийн хана бол: гэр-улсын тусгаар тогтнолын хилийн ган хэрэм.

Гэр улс: бусадын тусгаар тогтнолд халддаггүй учир: гэр улсад хэн ч довтолдоггүй.

Гэр улс өр тавьдаггүй. Эвийг эвддэггүй.

                                        Айлтайгаа:

                                        Амь нэгтэй аж төрдөг

                                        Саахалттайгаа

                                        Садан төрөлөөс илүү

                                        Санаа нэгтэй явдаг

Нялхас бүхнийг инээж мялааж угтдаг. Өтгөс бүхнийг өргөж, баярлуулдаг жудагтай. Гэрийн ёсны нандин ёсыг дэндүү товчлон үгүүлбээс ийм.

Эх сурвалж: Ардын уран зохиолч Тангадын Галсангийн бүтээсэн “ Гэр Улс” номноос