Нэг эрх ашигтай, нэг хэл бичигтэй, ёс заншил хэмээх нэгэн хуультай, нэгдэж нийлсэн зохион байгуулалттай, нэг хил хязгаартай, нэг хувь заяатай, нийтлэг түүх намтартай,хүн,хүмүүс, ард түмэнийг: Улс гэнэ.

Гэр бүл бол: том улсын анхдагч нэгж улс мөн. Улсын бүх шинж гэр бүлд бий. Ийнхүү гэр+улс гэдэг хоёр үг нийлээд гэр-улс гэдэг шив шинэ сайхан үг бүтэв.

Тэгээд ч бид айл өрхийг: Гэр-Улс хэмээн өргөмжилсөн нь энэ. Монгол хэлнийүгийн санд бас нэг шинэ үг, шинэ ухагдахуун шинжтэй нэр томъёо нэмэгдлээ гэдэгт эргэлзэхгүй.

Бас айл шиг айл явахын ухаарлыг: эхнэр, нөхөрт, айл өрхөө алагчлалгүй дэмжих бодлогыг төр засагт хонхдох ч юун магад. Гэр улсад: төр улсын бүх шинж буй. Жишээ нь: манайх бол туурга тус бүгд найрмадах улс. Энэхүү гэр-улсын:

Төрийн тэргүүн нь: би.Энэхүү гэр-улсын энх цагийн аз жаргалыг төдийгүй мөнх цагийн хувь заяаг төрийн тэргүүнийхувьд би хариуцах ёстой. Удамыг устгах бус, улам өөд татах түүхэн хариуцлагыг үүрэх, бас биелүүлэх нь миний хүнд үүрэг төдийгүй, гавъяат үйлс мөн.

Батлан хамгаалахын сайд нь: би. Манайх: хэн нэг гэр улсын босгоны боол байх ёсгүй. Бусадын будааны шавхруу долоож амьдрах ёсгүй.

Сангийн сайд нь: би. Орлогын үүдийг өдөр бүр нээж, зарлагын хаалгыг цаг тутамд хааснаар манай гэр улсын буян сараас сард сайжирч, жилээс жилд чамбайрч байх учиртай.

Харин манайх гэдэг Бүгд Найрамдах Улсын

Эрүүл мэндийн сайд нь

Гэгээрлийн сайд нь

Хөнгөн, хүнсний сайд нь

Хүн ам зүйн бодлогын сайд нь манай гэргий

Төв банкны захирал нь бас манай гэргий.

Гэр улсын эрүүл мэндийн сайдын үүрэг их өгөөд ариун. Айл хичнээн баян тансаг байгаад, хэн нэг нь өвчтэй бол: тэр орчинд инээд баясал дутаж, аз жаргал үргэн дайжна. Өвчнөөр дүүрэн хорвоод эрүүл саруул инээж явах, үр тариа мэт өсч үржиж байхыг эрүүл мэндийн сайд хариуцсан шиг хариуцна.

Гэр улсын Гэгээрлийн сайд гэгээн үүрэгтэй. Юуны урьд, гэр улс: эд бараа чихсэн дэлгүүр шиг биш, эрдмийн чуулган бүрдэх ном соёлын өргөө байх учиртай. Ус гэрэл ямар байна,  ургамал цэцэгс тийм байдаг шиг: ухааны угж, оюуны уурхай байх орчин бүхдсэний буянаар өтгөс буурлууд нь үлгэрлэж, өсвөр нялхас нь номын “дон”-той, эрдэмийн эрэлтэй, төв ёстой, зөв хүмүүнжилтэй болно. Энэ бүхэний үрийг тарьж, нарыг тусгах нь гэр улсын Гэгээрлийн сайдын үүрэг. Гэгээрэл гэж: эрдэм соёл-оор эрдэнэт хүмүүний тархи зүрхийг гийгүүлэн чадагч хоёр дохи Нар-ыг хэлмүй. Гэгээрэг гэдэг үгийн үндэс нь: гэгээ. Гэгээ бол: Харанхуй гэдэг хар эрчист, хүйтэн эрчист, бузар эрчист үгийн эсрэг утга. Гэгээ бол: цагаан эрчис, дулаан эрчис, ариун эрчисийн чуулган болой.   Гэгээрлийг: боловсрол гэх нь эндүүрэл.

Манай гэр улс:

  • Өөрийн гэсэн төрийн бодлоготой
  • Цомхон бага хуралтай
  • Үндсэн хуультай
  • Төрийн сүлдтэй
  • Сүлд дуулалтай
  • Төрийн төсөвтэй
  • Нэн баян номын сантай
  • Бичил үйлдвэртэй
  • Гэр улсын түүх шастиртай

Энэ бүхэн бол: гэр улс бүхэнд байдаг бас заавал байх ёстой төрийн бүтэц. Үүнээс аль нэг нь дутвал:  гэр улсын засаг: өрөөсгөлдөнө.

Бас Гэр улсын доторхи эрхэмлэн хүндлүүштэй амьд бурхад бол өөрийн аав,  ээж  төдийгүй, үр хүүхэдээ өгч авч үүрдийн ураг болсон хадам аав, ээж билээ.

Ийм тэнгирлэг сэдвээр бичсэн шүлэг-ээ нэхэн санавал

Уул хад:

Хүйтэн өвөлжөөнд нөмөр

Ухаантай хадам:

Хүргэндээ ч бэрдээ ч нөмөр

Хөл хучдаг бэргэн:

Сайн бэргэн

Хүчээ өгдөг хүргэн:

Сайн хүргэн

Хүргэн сайт

Уул мэт

Хүргэн муут

Үүл мэт гэх олон бадаг байхаас гадна.

Удам-аан гомдоовол:

Уул нурахын дайтай

Хадам- аа гомдоовол

Хайрхан нурахын дайтай гэх мэтийн

Алтыг нь аваад

Авдарыг нь гээх

Адагийн муу чанарт сөргүүлсэн сэнхрүүлэг цөөн бус байх юм.

Эр хүнийг, эх хүнийг хайрлахын зэрэгцээ хоёр ээж, хоёр аавыгаа энэрэн хайрлахын ариун нүншиг Төр-улсын доторхи Гэр-улс бүхэнд бат сайхан орштугай.

 

Эх сурвалж:  Ардын уран зохиолч Тангадын Галсангийн бүтээсэн “ Гэр Улс” номноос